Орос нөлөөллийн бүсдээ хяналтаа алдлаа
2024 оноос хойш Румын, Армен, Гүрж, Унгр, Молдав зэрэг улс орнуудад түүхэн сонгууль болж, Оросын талыг баримтлагчид үндсэндээ “арчигдлаа”.

Судлаачид ингэж үзэж байгаа юм.
Оросын нөлөөний бүсийн улс орнуудад Румын, Армен, Гүрж, Молдав, Беларусь гээд цөөнгүй орон ордог. Эдгээр орнуудад геополитик, эдийн засаг, цэрэг-стратегийн хувьд хүчтэй нөлөөгөө хадгалж үлдэх нь Оросын зорилго. Оросын шууд нөлөөлийн бүсийн улсууд нь ихэнхдээ ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнууд байдаг.
Тэгвэл 2024 оноос хойш Румын, Армен, Гүрж, Унгр, Молдав зэрэг улс орнуудад түүхэн сонгууль болж, Оросын талыг баримтлагчид үндсэндээ “арчигдлаа”. Хамгийн сүүлийнх нь энэ оны зургаадугаар сарын 7-ны өдөр болсон Армени улсын парламентын сонгуулиар Иргэний гэрээ нам Оросын талыг баримтлагчдыг бүрэн яллаа. Жинхэнэ шок!
Иргэний гэрээ намын Никол Пашиняны өрсөлдөгчид нь хоёул Оросын талыг баримтлагчид байв. “Хүчирхэг Армени” эвслийн удирдагч С.КарапетяОрост бизнесээ босгож хөрөнгөжсөн тэрбумтан (олигархи) байсан бол “Армени эвсэл”-ийн удирдагч нь Арменийн хоёр дахь Ерөнхийлөгч асан Р.Кочарянуламжлалт Оросын талыг баримтлагч Карабахын бүлгийн удирдагч юм. Гэвч тэд тоосон дунд үлдлээ.
Никол Пашиняныг Ерөнхий сайдын суудлаас нь арчин хаяхын тулд Москва эдийн засаг, улс төр, тэр ч бүү хэл шашныг хүртэл оролцуулсан хавчлага явуулсан юм. Гэвч амжилтад хүрсэнгүй.
Орос улс Армений сонгуульд нөлөөлөх оролдлогуудыг хэрхэн хийсэн талаар нэгэн эрэн сурвалжлах нийтлэлийг орчуулж, товчлон, гол хэсгийг нь хүргэж байна. Учир нь бидэнд ч хамаатай байж мэднэ!
ТЭД ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГААР ДАМЖУУЛАН
БҮХНИЙГ ХИЙДЭГ
Бусад улс орны сонгуульд хөндлөнгөөс оролцож байсан түүхтэй “Еврази” нэртэй Оросын төрийн бус байгууллагын (ТББ) Арменид чөлөөтэй үйл ажиллагаа явуулдаг. Энэ байгууллагыг АНУ, Европын Холбоо, Их Британийн хоригт оруулжээ. Энэхүү байгууллага нь Кремлээс дэмжлэг авч хилийн чанадад нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг.
Еврази ТББ нь хэвлэл мэдээллийг дэмжих, зуслан, форумуудыг дэмжин сурталчилж, орон нутагт шаардлагатай хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг. Гэвч үүний сацуу тухайн улсын сонгуульд хөндлөнгөөс оролцох, хөрөнгө босгох, ардчиллын институц болсон байгууллагуудыг онилж, тогтворгүй нөхцөл байдал үүсгэх зорилготойгоор ажилладаг.
Еврази ТББ нь соёл, боловсролын чиглэлээр мөн ажиллах бөгөөд залуусын боловсрол, багшийн сургалт, сэтгүүлзүйн тэтгэлгүүд, бизнес, соёлын хөтөлбөрүүд зэрэг Оросын зөөлөн хүчний бодлогоор ажилладаг.
Армений нийслэл Ереван хотод гэхэд орос хэлний 11 төв үйл ажиллагаа явуулдаг бөгөөд робот техник, анимэшн, санхүүгийн боловсрол олгох хөтөлбөртэй. Хөтөлбөрт оролцогчдоо Крым дэх Артек зусланд амрааж, сэтгүүлзүйн сургууль ажиллуулдаг. Мөн оросын түүхийн танин мэдэхүйн тэмцээн, дэлхийн II дайнтай холбоотой идэвхжүүлэлт, мэдээллүүдийг үйл ажиллагаандаа багтаадаг байна.
Молдавын аюулгүй байдлын албаныхан Еврази (Evrazia) байгууллагын эдгээр хөтөлбөрүүд нь сонгуулийн манипуляци хийх болон хуурамч мэдээллийн сүлжээгээ байгуулахад ашигласан үндсэн дэд бүтэц нь болохыг баримтжуулжээ.
УЛС ТӨРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯАЖ ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖААР ХАЛХАВЧИЛДАГ ВЭ?
"Хүмүүнлэгийн тусламж нь Еврази байгууллагын хувьд Молдав болон Армени улсуудын сонгуулийн үр дүнд нөлөөлөхөд ашигладаг хамгийн тогтвортой ажиллагаануудынх нь нэг юм. Молдавын Гагаузи мужид тус байгууллагаас авлига байж болохуйц хэмжээний их түлш, бордоо, үр тариаг нийлүүлсэн бөгөөд 30,000 гаруй тэтгэврийн насныханд бэлэн мөнгө тарааж, төмөр замын ажилчдын цалинг тавьж өгөх саналыг хүртэл гаргаж байжээ.
Молдавын удирдагчид энэхүү үйл ажиллагааг хүмүүнлэгийн шинж чанартай огт байгаагүй, харин 2024 онд болсон ерөнхийлөгчийн сонгууль болон Европын холбоонд элсэх эсэх талаарх бүх нийтийн санал асуулгад санал худалдан авах схемийг санхүүжүүлсэн ажил хэмээн дүгнэсэн юм.
Тэд санал авах сайтыг хөгжүүлж, Европын холбоонд элсэхийг зөвшөөрөхгүй иргэдийн гарын үсгийг цуглуулж (гарын үсгийн тоог нь хуурамч гэж үзсэн) байв. Мөн сайтаараа дамжуулан ОХУ-д амьдардаг армени иргэдийн эх орондоо очиж саналаа өгөхийг уриалан, нислэгийн тийзийг нь санал болгожээ. Энэ үйл ажиллагааг Телеграм сайт дээр түлхүү ашигласан байна.
Еврази байгууллага Армени улсад 2025 оны наймдугаар сараас хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Орон гэргүй хүмүүст туслах, орон байраар хангах, хоол хүнсний дэмжлэг үзүүлэх зэргээр үйл ажиллагаа явуулдаг.
Армени улсын 2016 оны Сонгуулийн хуулийн дагуу сонгуулийн сурталчилгааны хугацаанд, санал хураалтын өмнөх өдөр болон сонгуулийн өдөр нэр дэвшигчид болон сонгуульд оролцож буй намууд сонгогчдод мөнгө, хүнс, үнэт цаас, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг үнэ төлбөргүй эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр тараах, амлахыг хориглодог. Энэ хуулийн дагуу Еврази байгууллагын хүмүүнлэгийн үйл ажиллагааг зогсоожээ.
Гэтэл 2026 оны 3-р сард Оросын Гадаад хэргийн яамны Хэвлэл мэдээллийн газрын дарга М.Захарова мэдэгдэхдээ “Еврази байгууллагаас төлөвлөж байсан тусламж нийлүүлэлтийг хаалаа”хэмээн шүүмжилж,“Армений засгийн газарулс төрийн ямар ч агуулгагүй, цэвэр буяны хүмүүнлэгийн тусламжаас татгалзсан нь эрх баригчид сонгуулийн өмнө Орос улстай холбоотой бүхий л дурсамж, дурдлыг шууд утгаар нь арчин устгах гэсэн хүсэлтэй холбоотой” гэж зүтгэжээ. Үнэн хэрэгтээ “Оросууд та нартай хамт” нэртэй тусламж үзүүлэх үйл ажиллагаагаар халхавчлан саналыг нь худалдан авах иргэдийн мэдээллийг цуглуулдаг байсан байна. Энэ ч мөн Телеграм хуудсанд өргөн хүрээтэй цацагджээ.
ШАШНЫГ ХЭРХЭН СОНГУУЛЬД НӨЛӨӨЛӨХ ХЭРЭГСЭЛ БОЛГОВ?
2024 оны 8, 9 дүгээр сард Молдавын 900 орчим сүмийн санваартан болон тэдний харьяа сүмийн сүсэгтэн олон Оросын төрийн санхүүжилттэй Москва руу хийх 'мөргөлийн аялал'-д хамрагдсан байна.Молдавын аюулгүй байдлын албаны мэдээллээс харвал тэдгээр хүмүүс тус бүр 300-1000 доллартай Оросын Мир банкны картыг бэлгэнд авчээ. Ингэхдээ Еврази байгууллагатай хамтран ажиллах бичигт гарын үсэг зурсан байна. Хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн иргэдэд Европын холбоонд Молдав элсэх ёсгүй гэсэн суртал ухуулгыг хийжээ.
Дээрх бүх үйл ажиллагаа нь зөвхөн интернэтэд өрнөөд зогсохгүй эсэргүүцлийн жагсаал цуглааныг идэвхтэй зохион байгуулдаг.
Дээрх нийтлэлийн эх сурвалжийг: https://dfrlab.org сайтаас унших боломжтой.