онцлох - нүүр хуудас

УИХ: Вэйпийг "цахилгаан бараа" гэж биш "тамхи" гэж үзэхээр боллоо

Манай улсад ямар ч зохицуулалтгүй байсан цахилгаан тамхийг хуулиар зохицууллаа.

Б.Эрдэм-Ундрах·

Хотын гудамжинд том ханын зураг

УИХ-аас Тамхины хяналтын тухай хуулийг шинэчлэн баталлаа. Хууль 2027 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжинэ. Хуулийн хэрэгжилт эхлээд 2031 он гэхэд буюу дөрвөн жилийн дотор тамхидалтыг 14%-иар бууруулах зорилготой.

Монгол Улсын хувьд тамхинаас үүдэлтэй нас баралтаараа 100 мянган хүн тутамд 102 байдаг бол тамхинаас үүдэлтэй нас баралт нийт нас баралтын 17 хувийг эзэлдэг (Эх сурвалж: Investment Case for Tobacco Control In Mongolia, 2024, WHO, UNDP).

Хуулийн гол маргаан дагуулсан хэсэг бол вэйп. Гэхдээ вэйп нь гаалиар орж ирэхдээ “цахилгаан хэрэгсэл” гэсэн ангилалд багтдаг байсныг сануулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тамхитай яг адил хордуулагч мөртлөө ямар ч зохицуулалтгүй байсан гэсэн үг. Тиймээс Тамхины хяналтын тухай хуулиар ийнхүү зохицуулж өглөө.

Ингээд вэйпийг хүүхэд залууст зориулан төрөл бүрээр сурталчлаад байгааг хуулиар зогсоохоор болсон. Мөн үнэр, амттай вэйп импортлон худалдаалахыг хориглож байна. Амт, үнэртэй вэйп нь хүүхдүүдийг тамхинд донтуулагч болоод байгаа юм. Вэйпийг хэр эрт татаж эхэлнэ, төдий хэмжээгээр ирээдүйд хар тамхинд  донтох магадлал өндөрсдийг мөн судалгаагаар баталсан байдаг (Эх сурвалж: Нобелийн шагналт эрдэмтэн Эрик Кандель болон доктор Дениз Кандель нарын New England Journal of Medicine сэтгүүлд нийтлүүлсэн суурь судалгаа)

Хамгийн гол нь дотор орчинд вэйп татахыг хориглосон. Учир нь вэйп бол янжууртай адилхан хор нөлөөтэй, ижилхэн тамхи гэж үзсэн учраас тэр.

Мөн 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдаалахыг хориглосон. Насанд хүрээгүй хүнд тамхи, тамхин бүтээгдэхүүн, никотин агуулсан болон никотин хүргэх зориулалттай бүтээгдэхүүн худалдсан, нийлүүлсэн, үнэ төлбөргүй олгосон этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

Хуулийн 5.3.1 Бүх түвшний боловсролын сургалтын байгууллагын орчин дах тамхины хяналтын боловсролын салбарын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий этгээд хэрэгжүүлэх 500 метр дотор хяналт тавьж ажиллах боломжтой болсон.

Боловсролын салбарын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий этгээд бүх шатны боловсролын байгууллагыг тамхи үйлдвэрлэгч, импортлогч, худалдаа эрхлэгчээс хандив, дэмжлэг авахгүй байхаар тусгажээ.

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР

Татварын тухайд 2031 он хүртэл тамхины онцгой албан татварыг үе шаттай нэмэгдүүлэхээр болжээ. Мөн Тамхи импортлох тусгай зөвшөөрөл олгох, сунгах төлбөр 14 сая ₮ байсан бол 50 сая төгрөг, тамхи худалдах зөвшөөрлийн хураамжийг 100–500 мянга байсан бол 500 мянгаас 1 сая төгрөг болгон өөрчилжээ.

Холбоос хуулагдлаа