АНУ-ын зах зээлд 2022 онд анх нээгдсэн Тэмү худалдааны сайт бол Хятадын дотоод дахь үйлдвэрлэгчдийн илүүдэл барааг дэлхийн хэрэглэгчдэд борлуулах зорилготой юм. Үүсгэн байгуулагч PDD Holdings компани.
Энэ худалдааны сайт нь зуучлагч, тээвэрлэгч, бөөний худалдаачдыг бүрэн алгасах бизнес загвартай. Үйлдвэрээс хэрэглэгчийн гарт (Direct-to-Consumer) барааг шууд хүргэх загварыг ашигладаг. Тэдний гол зорилго нь өгөгдөлд суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлж, хэт хямд үнэ болон тоглоомчилсон маркетинг (gamification)-ийн тусламжтайгаар дэлхийн цахим худалдааны зах зээлийг монопольчлох явдал юм.
Хэрэглэгчдийн хувьд асар хямд бараа бүтээгдэхүүн худалдан авах, өргөн сонголтыг өөрөө хийх, хүргэлтийн маш хялбар, хурдан нөхцөл, үнэгүй буцаах боломж гээд сайн талуудтай.
Гэвч сөрөг талууд ч бий. Тухайлбал, олон улсын лабораториудын шинжилгээгээр Temu-ийн хүүхдийн тоглоом, хувцас, гоёл чимэглэлээс хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэд дахин их хар тугалга, кадми, сурьма зэрэг хорт бодисууд илэрсэн. Мөн олон цахилгаан хэрэгсэл нь аюулгүй байдлын шаардлага хангаагүй тул галын аюул учруулдаг.
Мөн тус аппликейшн нь хэрэглэгчийн утасны мэдээлэл, байршил, зурваст зөвшөөрөлгүй хандах, spyware (тагнуулын программ) суулгах зэрэг кибер аюулгүй байдлын ноцтой хэргүүдэд буруутгагдаж байна.
Supply chain буюу нийлүүлэлтийн сүлжээндээ Хятадын Шинжаан-Уйгурын бүс нутгийн албадан хөдөлмөр эрхлэлтийг ашигласан байх өндөр эрсдэлтэй гэж олон улсын хүний эрхийн байгууллагууд үздэг.
Мэдээж дэлхийг эзлэх зорилготой энэ худалдааны сайтын аливаа улс орны эдийн засагт үзүүлэх нөлөөлөл өндөр байх нь ойлгомжтой.
Хятадын Засгийн газрын татаас, асар хямд ажиллах хүч, үйлдвэрлэлээс шууд нийлүүлж байгаа зэргээс шалтгаалж тухайн улсын дотоодын үйлдвэрлэгч, жижиглэн худалдаачдын хувьд өрсөлдөх ямар ч боломжгүй болж, дампуурах нөхцлийг бүрдүүлдэг. Нэгэнт үүссэн тэгш бус байдлын улмаас бараа бүтээгдэхүүнээ борлуулж чадахаа больсон дотоодын дэлгүүрүүд, бөөний төвүүд, үйлдвэрүүд хаалгаа барина.
Асуудал зөвхөн дотоодын үйлдвэрлэгчид, худалдаачдаар дуусахгүй. Temu нь барааг бөөнөөр нь биш, хэрэглэгч бүрт жижиг илгээмжээр илгээдэг. Ихэнх улс орнууд тодорхой үнийн дүнгээс доош (жишээ нь АНУ-д 800$, ЕХ-нд 150 евро, Монголд тодорхой лимит) жижиг ачааг гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлдөг хуулийн цоорхойг Temu овжин ашигладаг. Харин манай улсын хувьд хувь хүний нэр дээр карго ирж байгаа тохиолдолд гаалийн татвар төлдөггүй.
Дотоодын бизнесүүд гаалийн татвар төлж бараагаа оруулж ирдэг байтал Temu ямар ч татвар төлөхгүйгээр хэдэн тэрбумаар хэмжигдэх борлуулалтыг хийдэг. Энэ нь улсын төсвийн орлогот сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, гаалийн ачааллыг хий дэмий нэмэгдүүлдэг.
Татваргүй бараанд зориулсан валют нь ч тухайн улсын эдийн засагт эргэлдэхгүйгээр шууд хятадын компани, Temu рүү урсан одно. Валютын гадаад урсгалын нэмэгдүүлнэ гэсэн үг. Ингэснээр төгрөгийн ханш улам бүр суларна.
Улс орнууд Temu-ээс хэрхэн сэргийлж, ямар арга хэмжээ авч байна?
Барууны орнууд Temu-ийн хэт хямд үнийн давуу талыг дотоодын үйлдвэрлэлийг унагах, татвараас зайлсхийх хэрэгсэл гэж үзэн хууль эрх зүйн хатуу хоригууд тавьж эхэлсэн:
- Европын Холбоо (EU): 2026 оны 5 дугаар сард Европын комиссоос Хууль бус болон аюулгүй байдал хангаагүй бүтээгдэхүүнийг таслан зогсоож чадаагүй гэх үндэслэлээр Дижитал үйлчилгээний тухай хуулийн (DSA) дагуу Temu-д 200 сая еврогийн торгууль ногдуулсан. Мөн 2026 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн 150 еврогоос доош үнийн дүнтэй жижиг илгээмжийн татварын хөнгөлөлтийг цуцалж, бүтээгдэхүүний нэр төрөл тутамд 3 еврогийн гаалийн шууд татвар ногдуулдаг болоод байна.
- АНУ: Бага үнийн дүнтэй (800 доллароос доош) илгээмжийг татвараас чөлөөлдөг "De Minimis" хуулийн цоорхойг ашиглахыг нь хязгаарлах, Хятадын тагнуулын байгууллагатай мэдээлэл хуваалцах эрсдэлтэй гэж үзэн ТікТок шиг үйл ажиллагааг нь хорих хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
- Өмнөд Солонгос: Хүүхдийн бүтээгдэхүүнд хийх гаалийн хяналт шалгалтыг чангатгаж, хорт бодис илэрсэн хэдэн зуун нэр төрлийн барааг борлуулахыг шууд хориглосон.
- Индонез: Temu аппликэйшнийг бүрэн хориглосон. Temu-ийн ашигладаг “Үйлдвэрээс хэрэглэгчийн гарт шууд хүргэх” (Direct-to-Consumer) загвар нь дундын бөөний худалдаачид, дотоодын дистрибьюторуудыг бүрэн алгасдаг. Энэ нь Индонезийн худалдааны хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн бөгөөд Хятадын хэт хямд бараанууд олноор орж ирж, дотоодын жижиг үйлдвэрлэгчдийг "сүйтгэх" аюултай гэж үзсэн юм. Улмаар Apple-ийн App Store болон Google Play Store-оос Temu аппликейшнийг бүрмөсөн устгах, татаж авах сувгийг хаах албан ёсны тушаал гаргаж, үйл ажиллагааг нь бүрэн зогсоогоод байна.
- Турк зогсоосон: 2026 оны эхээр Туркийн засгийн газар Temu -ийн Истанбул дахь оффисыг нэгжэж, баталгаажилтгүй, чанарын гэрчилгээгүй бараа импортлохыг нь хориглосон. Мөн татваргүй нэвтрэх лимитийг асар бага (30 евро) болгож бууруулжээ. Нэгэнт ашиггүй болсон тул Temu Турк улсад тухайн улсынх нь өөрсдийнх нь барааг тээвэрлэж, хүргэлт хийдэг апп болон хувирчээ.
TEMU-ЭЭС АВЧ БОЛОХГҮЙ БАРАА
Temu аппликэйшнд худалдаалагдаж буй хүүхдийн бүтээгдэхүүн, арьсанд шууд хүрдэг зүйлс болон цахилгаан хэрэгслийг худалдаж авах нь хамгийн өндөр эрсэлдтэй гэж үзэж байна.
Хамгийн аюултай, эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлж болзошгүй барааны ангиллуудыг доор нэрлэж байна.
1. Хүүхдийн тоглоом болон нярай хүүхдийн хэрэгсэл
- Химийн хортой бодис: Европ, Солонгосын лабораторийн шинжилгээгээр Temu-ийн хуванцар тоглоомуудаас хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнээс 240 дахин их фталат (phthalates - дааврын тогтолцоог алдагдуулдаг бодис) илэрсэн. Зөөлөн чихмэл тоглоомуудын шошгоноос арьсны харшил үүсгэдэг хром (Chromium VI) илэрч, олон улсад хураагдсан байна.
- Механик аюул (Хахах эрсдэл): Бага насны хүүхдийн тоглоомуудын жижиг хэсгүүд амархан салж унадаг, шүд зуулгуур нь чанаргүй материалаар хийгдсэн тул хүүхэд хахах, амьсгал боогдох өндөр эрсдэлтэй гэж дүгнэжээ.
2. Цахилгаан хэрэгсэл, цэнэглэгч болон батерей
- Гал түймэр, тогонд цохиулах эрсдэл: Европын Euroconsumers байгууллагын шалгалтаар Temu-ээс авсан 27 цэнэглэгч тутмын 26 нь аюулгүй байдлын шаардлага хангаагүй байна. Эдгээр хямд USB цэнэглэгч, утасны батерей, халуун тогоо, үсний индүү зэрэг нь хэт халалт үүсгэдэг, тусгаарлагч муутай тул дэлбэрэх, гэр бүлээрээ тогонд цохиулах, гал гаргах маш өндөр аюултай.
3. Хувцас, гутал болон нэхмэл бүтээгдэхүүн
- Формальдегид ба Хүнд металл: Хувцсыг үрчийлгэхгүй, өнгөлөг байлгахын тулд формальдегид (хорт хавдар үүсгэдэг химийн бодис) болон аюултай будагч бодисуудыг ихээр ашигладаг. Өмнөд Солонгосын хяналтын шалгалтаар Temu-ийн сандаал, гутлын улавчнаас зөвшөөрөгдөх хэмжээнээс 11 дахин их хар тугалга илэрч байжээ. Энэ нь арьсаар дамжин хүний биед хуримтлагдаж, мэдрэлийн системийг гэмтээдэг.
4. Гоёл чимэглэл, аксисуар
- Кадми ба Хар тугалганы хордлого: Хямд үнэтэй гялгар гинж, бөгж, ээмэг зэрэгт жин нэмэх, гялалзуулах зорилгоор кадми болон хар тугалга ихээр хольдог. Лабораторийн шинжилгээгээр зарим хүзүүний зүүлтнээс стандартаас хэд дахин их хүнд металл илэрсэн бөгөөд эдгээр нь бөөрний дутагдал, ясны сийрэгжилт үүсгэх аюултай.
5.Гоо сайхны бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний цаас
- Нүд, арьсны үрэвсэл: Нүүр будалтын иж бүрдэл, сормуусны будаг, арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд нь олон улсын эрүүл мэндийн байгууллагын (жишээ нь FDA) зөвшөөрөлгүй байдаг. Шинжилгээгээр даавар үүсгэгчийг саатуулдаг бодисууд илэрсэн тул арьс түлэгдэх, ноцтой харшил өгөх эрсдэлтэй.
- PFAS (Мөнхийн химийн бодис): Түүнчлэн хоолны цаас, нарийн боовны хэв зэргээс биед хэзээ ч задардаггүй, хорт хавдар үүсгэгч PFAS ийн түвшин өндөр гарсан байна
Монгол Улс харсаар л суух уу?
Манай улсын хувьд нийт импортын 40 гаруй хувийг Хятад улс эзэлдэг. Монголын Гаалийн Ерөнхий газар болон холбогдох төрийн байгууллагуудаас Temu-д зориулсан хязгаарлалт, зохицуулалт одоогоор хийгдээгүй байна.
Тэр ч бүү хэл Temu-ийн бараа бүтээгдэхүүнүүдэд лабораторийн хяналт ч тавихгүй байгаа юм. Тиймээс цаашид бараа бүтээгдэхүүний чанарын хяналтыг манай улс хийх нь зайлшгүй байна.
Татварын орчны хувьд ч мөн адил Temu-ийн ямар ч татваргүй бараануудад татвар тавихгүй бол дотоодын бизнес эрхлэгчид НӨАТ, гаалийн татвар төлж байгаа нь хэт шударга бус байдлыг үүсгэж байна.
Манай улсын хувьд хамгийн том аюул нь хэрэглэгчдийн боловсролгүй байдал буюу хямд үнэтэй барааны цаана эрүүл мэндийн хортой материал байж болзошгүй талаарх боловсрол олгох шаардлага тулгараад байгаа юм.







