Хатан туулаа хамгаалах иргэдийн хөдөлгөөнийг санаачлагчдын нэг, иргэн Г.Уянгаад Хотын дарга асан Х.Нямбаатар хоёр дах удаагаа шүүхэд гомдол гаргажээ. Энэ удаад тэр иргэн Г.Уянгаас 500 сая төгрөг нэхэмжилсэн байна. Энэ 500 сая төгрөгийг Туулын хурдны зам төслийн гүйцэтгэгчээр шалгарсан Хятадын Хаюань группт нийслэлийн төсвөөс шилжүүлсэн 500 тэрбум төгрөгийн 0,1%-иар боджээ. Энэхүү нэхэмжлэлийг гаргахын тулд 2.6 сая төгрөгийг Х.Нямбаатар шүүхэд төлсөн байна.
Х.Нямбаатар, Б.Алтанзул (Б.Алтанзул нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга Б.Алтанзул нь "Туулын хурдны зам" төслийн байгаль орчны үнэлгээ болон тус төслийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргах үйл явцад голлох үүрэгтэй ажилласан) нар иргэн Г.Уянгыг ахин дахин шүүхэд өгч байгаа энэ явцыг улс төр судлалд үүнийг SLAPP (Strategic Lawsuit Against Public Participation) буюу Олон нийтийн оролцооны эсрэг стратегийн нэхэмжлэлгэж нэрлэдэг.
Энэ төрлийн шүүхийн зарга, гомдлын гол зорилго нь шүүх хуралд ялах биш. Харин шүүхэд гомдол гаргах замаар тухайн иргэнийг санхүүгийн хувьд туйлдуулах, цаг хугацааг нь үрэх, сэтгэл зүйн дарамтад оруулж залхаах зорилготой.
Иргэн хүн өөрийгөө хамгаалахын тулд өмгөөлөгч авч, өндөр зардал гарган, байнга шүүхээр явсаар эцэст нь бууж өгч, улстөрчийг шүүмжлэхээ зогсооход хүргэх нь энэ стратегийн хамгийн том зорилго юм.
Улс төрийн онолд мөн үүнийг Chilling Effect (айдас төрүүлэх, цочирдуулах нөлөө) гэдэг ойлголттой шууд холбож үздэг. Улстөрч нэг иргэнийг шүүхээр залхааж шийтгэснээр бусад иргэдэд "Хэрэв чи намайг шүүмжилвэл чамд ч гэсэн ийм асуудал үүснэ" гэдэг айдас, сануулгыг өгч байгаа хэрэг. Үүний үр дүнд нийгэм даяар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдаж, хүмүүс өөрийн мэдэлгүй "өөрийгөө цензурдаж" (self-censorship) эхэлдэг байна.
Чамд таалагдахгүй үг хэлсэн хэн нэгнийг шийтгэхийн тулд чи хуулийн системийг ашиглаж болохгүй гэж Angel Eduardo гэж хүн хэлсэн байдаг юм.
Хуулийн системийг эрх мэдэлтнүүд иргэн хүнийг шийтгэх замаар ашиглаж байгаа нь зөвхөн иргэнийг залхааж, бусдыг нь айлгаад зогсохгүй, хуулийн системийг нь хүчирхийлж байна гэж үздэг. Бийлэгжүү хүмүүс, албан тушаалтан, эрх мэдэлтнүүд өөрийн давуу тал, нөөц бололцоог ашиглан хуулийн системийг өөрийн өрсөлдөгч эсвэл шүүмжлэгчдийн эсрэг "зэвсэг" болгон ашиглаж байна гэсэн үг юм.
Тэгвэл үүнийг яаж зохицуулдаг вэ?
Anti-SLAPP буюу энэ үйл ажиллагааг зохицуулсан хууль байдаг.
АНУ-ын ихэнх мужууд болон Европын Холбооны улс орнуудад хэрэв улстөрчийн гаргасан гомдол нь иргэнийг залхаах, амыг нь хамхих зорилготой (үндэслэл муутай) гэж үзвэл шүүх хэргийг маш хурдан хугацаанд хэрэгсэхгүй болгодог. Ингээд шүүхийн бүх зардал, өмгөөлөгчийн хөлсийг нэхэмжлэгч улстөрчөөр өөрөөр нь төлүүлдэг. Энэ нь бүр хуулиар заагдсан байдаг. Энэ хуулиар улстөрч "Би энэ хүнийг залхаах гээгүй, үнэхээр надад бодит хохирол учирсан" гэдгээ маш хөдөлшгүй баримтаар шүүхийн өмнө түрүүлж нотлох үүрэг хүлээдэг. Баталж чадахгүй бол хэрэг шууд хаагдана. Иргэн нь “миний зөв байсан” гэж нотлох гэж зовохгүй гэсэн үг.
Гэхдээ манай улсад ийм зохицуулалт байхгүй учир улстөрчид, эрх мэдэлтнүүд иргэдийг сэтгүүлчдийг маш ихээр шүүхэд өгөх замаар залхаан цээрлүүлэх алхмыг хийдэг. Тэд шударга ёсны төлөө ажиллах ёстой шүүхийг иргэдийг залхаах зэвсэг болгон ашиглаж байна гэсэн үг ээ.
ТҮҮХЭН ТУРШЛАГА
1700-аад оны сүүлээр АНУ-д жирийн иргэд төрийн албан тушаалтнуудын авлига, хууль бус үйлдлийн талаар Засгийн газартаа өргөх бичиг барьж, гомдол гаргаж эхэлжээ. Үүний хариуд нэр хүндээ хамгаалах гэсэн улстөрчид болон газрын эзэд тэдгээр иргэдийн эсрэг "миний нэр төрийг гутаасан" хэмээн асар өндөр мөнгөн дүнтэй нэхэмжлэлүүдийг шүүхэд гаргаж, иргэдийг айлган сүрдүүлж эхэлсэн байна. Иргэд шүүхийн зардлаас айж, гомдлоо татаж авдаг байв.
1980-аад онд АНУ-ын Денверийн их сургуулийн профессорууд болох Жорж Принг болон Пенелопа Кэнан нар үүнийг судлаад, дэлхий даяар "SLAPP" гэх нэр томъёог хуулийн шинжлэх ухаанд оруулсан юм.
Харин улс төрийн шинжлэх ухаанд SLAPP-ыг тодорхойлохдоо дараах үндсэн шинжүүдийг заавал агуулсан байна гэж үздэг:
- Тэгш бус байдал (Asymmetry of Power): Нэхэмжлэгч тал (улстөрч, том компани) нь хариуцагч талаас (иргэн, сэтгүүлч) санхүү, эрх мэдэл, хуулийн нөөцийн хувьд дэндүү давуу байх.
- Иргэний оролцооны эсрэг байх (Public Participation): Иргэний зүгээс жагсаал хийх, шүүмжлэх, үзэл бодлоо илэрхийлэх, өргөх бичиг барих зэрэг ардчилсан нийгэм дэх хууль ёсны эрхээ эдэлсний хариуд шүүхэд өгсөн байх.
- Зорилго нь шүүхэд ялах биш байх (Lack of Merit/Different Intention): Нэхэмжлэл нь хууль зүйн бодит үндэслэл муутай, шүүх хуралд ялахдаа гол нь биш, зөвхөн процессын уртаар иргэнийг туйлдуулах далд санаатай байх гэж заасан байдаг.
Иргэдийг залхаах гэсэн түүхэн олон баримт байдаг. Та бидний хамгийн сайн мэддэг Оппра Уинфри хөтлөгчийг 1996 онд үхрийн галзуу өвчний талаар ярьсан шоу нэвтрүүлгийнхээ үеэр “Би дахиж хэзээ ч үхрийн мах идэхгүй” гэж хэлснийх нь төлөө тэрбумтан үхэр үржүүлэгчид шүүхэд өгсөн байдаг. Опра шиг тэрбумтан хүн ч шүүх хуралд оролцохоор Техас муж руу нүүж, 6 долоо хоногийн турш өдөр бүр шүүхийн танхимд сууж, сая сая долларыг өмгөөлөгчид зарцуулж байж ялсан.
Гэх мэт олон жишээ бий. Эдгээрээс дараах 3 сургамжийг авсан байдаг.
1. Шүүх бол "Хүчтэний зэвсэг" биш: Шүүх засаглал нь мөнгөтэй, эрх мэдэлтэй улстөрчдийн жирийн иргэдийг айлгадаг хувийн (зэвсэг) биш, харин үнэнийг тогтоодог газар байх ёстой.
2. Нэр төр хамгаалах хууль хэт чанга байх нь авлигыг цэцэглүүлдэг: Улстөрчийн нэр төрийг хэт өндөрт тавьж, иргэдийг шүүмжилснийх нь төлөө амархан шүүхэд өгдөг байх нь авлига, хууль бус үйлдлийг нуун дарагдуулах хөрс болдог.
3. Хамгаалалтын механизм хэрэгтэй: Иргэн хүн улстөрчийг шүүмжлэхдээ "Би шүүхэд дуудагдаж, дампуурах вий" гэж айхгүй байх хууль эрх зүйн орчныг (Anti-SLAPP) бүрдүүлэх нь ардчилсан нийгмийн оршин тогтнох үндэс юм.







