/2026.11.13/ Монгол Ардын нам 2024–2028 оны мөрийн хөтөлбөрөө 40.3% биелсэн гэж дүгнэлээ. Бүрэн эрхийн хугацааны тавны гурав нь (ойролцоогоор 58%) өнгөрсөн байхад ийнхүү дүгнэснийг тус намын Бодлогын хорооны уулзалтаар танилцууллаа.
МАН-ын Бодлогын хорооны аравдугаар уулзалт «Policy meeting #10» 2026 оны 11 дүгээр сарын 13-нд Тусгаар тогтнолын ордонд болсон. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, мониторингийн газрын дарга Б.Нандин-Эрдэнэ хэрэгжилтийн дүнг танилцуулсан. Нам хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд өөрт хамаарах заалтуудыг авч тооцдог ажээ.
Ерөнхий дүн: Мөрийн хөтөлбөрийн 585 заалт ямар шатанд явна?
МАН мөрийн хөтөлбөрөө 585 заалтад задалж хэрэгжилтийг нь хэмждэг. Уулзалтад танилцуулсан тоогоор заалтуудын төлөв дараах байдалтай байна.
Төлөв | Заалт | Эзлэх хувь |
Хэрэгжээгүй (эхлээгүй) | 105 | 18% |
Эхэлсэн | 132 | 23% |
Дунд шатандаа | 186 | 32% |
Дуусах шатандаа | 107 | 18% |
100% хэрэгжсэн | 55 | 9% |
Нийт | 585 | 100% |
Эзлэх хувийг заалтын тооноос shiid.mn тооцов. Бүрэн хэрэгжсэн гэж тооцогдсон заалт 55 буюу арав тутмын нэг хүрэхгүй байна. Хамгийн олон заалт (186) «дунд шатандаа» гэсэн ангилалд багтжээ. Иймээс 40.3% гэдэг нь «заалтын 40% нь хийгдсэн» гэсэн утгатай биш, хэсэгчлэн хийгдсэн ажлуудыг ч тооцсон нийт гүйцэтгэлийн үнэлгээ юм. Тооцооны аргачлалыг нам олныход нээлттэй тайлбарлаагүй байна.
9 бүлэг: Хамгийн өндөр биелэлттэй нь 52.7%, хамгийн бага нь 14.8%

Эх сурвалж: МАН-ын Бодлогын хороо, Policy meeting #10, 2026.11.13 (уулзалтад тэмдэглэсэн тоо)
Хөтөлбөрийн 9 бүлгээс зөвхөн дөрөв нь нийт дунджаас (40.3%) дээгүүр гарчээ. Хүний хөгжил болон хувийн хэвшлийн бүлэг тэргүүлж, Бүсчилсэн хөгжил бусдаасаа эрс хоцорсон байна. Тэргүүлэгч болон сүүлийн бүлгийн хооронд бараг 38 пунктийн зөрүү бий.
Хамгийн их хоцорсон чиглэлүүд
Нам өөрөө «анхаарах асуудал» гэж дараах зүйлсийг нэрлэсэн.
• Бүсчилсэн хөгжил: Хөтөлбөрийн нэрэнд багтсан «Бүсчилсэн хөгжлийн реформ» бүлэг 14.8%-тай яваа. 115 заалтын 61 нь огт эхлээгүй байна. Хангай, хойд, зүүн бүсийн хэрэгжилт 12%-иас доогуур байна.
• Хараат бус шүүх: 15.9%.
• Хүний эрх: 16.1%.
• Дэд хэсгүүдийн зөрүү: Бүлгийн доторх дэд хэсгүүдийн биелэлт 6%-аас 94% хүртэл хэлбэлзэж байна.
• Тайлбаргүй заалтууд: 105 заалт эхлээгүйгээс гадна 12 заалтын хэрэгжилтийн талаар тайлбар ирүүлээгүй байна.
МАН-ын Бодлогын хороо 11 дэд хороотой. Тэдгээрээс хамгийн бага хэрэгжилттэй нь Дэд бүтцийн хөгжлийн төслийн (29.9%), Хүний эрхийн (25%), Хөдөөгийн хөгжлийн (23%) хороод байв.
МАН-ын дэвшүүлсэн гурван алхам
Хэрэгжилтийг эрчимжүүлэхийн тулд уулзалтад гурван чиглэл танилцуулсан.
- 1. Эхлээгүй байгаа заалтуудыг эрэмбэлэх.
- 2. Хоцрогдолтой чиглэлд нөөцөө төвлөрүүлэх.
- 3. Хэрэгжилтийг улирал тутам хэмжиж тайлагнах.
Гурав дах алхам болох улирлын тайлан олныход нээлттэй болвол иргэд намын өөрийн дүгнэлтийг заалт тус бүрээр шалгах боломжтой болно.
Мөрийн хөтөлбөр юунд жин дарсан бэ?
Уулзалтад хөтөлбөрийн агуулгын хуваарилалтыг танилцуулсан.
Эдийн засаг 35%, амьдралын чанар 20%, улс төрийн систем 15%, гадаад харилцаа 10%, эрх чөлөө, ардчилал 10% жин дарсан ажээ.
Мөн улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийг зүүн–баруун тэнхлэгээр хэмждэг RILE индексээр МАН-ын хөтөлбөр −12.5 оноо авсан ба нам үүнийг «зүүн төв, хөрөнгө оруулалтад тулгуурласан» гэж тайлбарласан. RILE (Manifesto Project) индекс нь сөрөг утга зүүн, эерэг утга баруун тийш хандлагыг илэрхийлдэг.
Иргэд хэрхэн дүгнэж байна вэ?
40.3% бол намын өөрийн дүгнэлт. Заалт тус бүрийг хэрхэн хэмжсэн, аль заалтыг «дунд шатандаа» гэж ангилсан аргачлал нь олныход нээлттэй болоогүй байна. Харин амлалтын ашиг хүртэгч нь иргэд тул тэдний үнэлгээ ч адил чухал.
Шийд.мн дээр МАН-ын 2024–2028 оны мөрийн хөтөлбөрийн 582 амлалтыг заалт тус бүрээр нь байршуулсан. Иргэн бүр амлалт бүрийг биелсэн эсэхийг өөрийн амьдралд тулгуурлан үнэлж, иргэдийн үнэлгээг намын өөрийн дүгнэлттэй харьцуулж харах боломжтой.
Биелсэн гэж бодож байна уу? Саналаа өгөөрэй: shiid.mn/uih
Энэ нийтлэлд дурдсан тоонууд МАН-ын Бодлогын хорооны Policy meeting #10 уулзалтад (2026.11.13) танилцуулсан мэдээллээс тэмдэглэсэн болно.
ЖИЧ: Та бүхэн МАН-ын 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртэй танилцахыг хүсвэл ЭНД ДАРНА уу.















