онцлох - нүүр хуудас

Монголчууд дэлхийг өөрчилсөн нь

Английн Лийдс хотын “Royal Armouries” музейд гарч буй маш ховор 250 гаруй үзмэрийг дэглэсэн “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнд зориулав

Б.Эрдэм-Ундрах·

Хотын гудамжинд том ханын зураг

“Монголчууд мэдлэг, үзэл санааны шинэ арилжаанд дэлхий ертөнцийг нээлттэй болгосон юм. Монголчууд германы уурхайчдыг хятадад, хятад эмч нарыг Перст аваачсан. Тийнхүү соёлыг түгээж дамжуулсан нь асар томоос эхлээд өчүүхэн жижигт хүртэл хамарч байлаа.

Тэд очсон газар бүртээ хивс хэрэглэхийг зааж, нимбэг, лууванг Персээс- хятадад, хөзөр, гоймон цайг хятадаас өрнөдөд нэвтрүүлсэн юм. Тэд Парисын төмрийн дархныг монголын хуурай тал нутагт авчирч, усан оргилуур хийлгэж, Английн сурвалжит язгууртныг их цэрэгтээ хэлмэрчээр ажиллуулж, хурууны хээг ашигладаг хятадын аргыг перст нэвтрүүлж байлаа.

Тэд хятадад христосын, перст буддын сүм дуган, цац суврагууд, орост коран судрыг судлах сургуулиудыг барьж байгуулах ажлыг ивээн тэтгэж санхүүжүүлдэг байлаа. Монголчууд дэлхийн талыг булаан эзэлсэн ч иргэншлийн хувьд хэнтэй ч зүйрлэмгүйгээр соёлыг түгээж дамжуулдаг байв” гэж Жак Уэдрфорд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Чингис хаан” номондоо бичсэн юм.

Энэ бол 2011 онд бичигдсэн ном бөгөөд магадгүй энэ цаг үеэс “Чингис хаан бол эзлэн түрэмгийлэгч гэхээсээ илүүтэй дэлхийн соёл иргэншлийг холбогч гүүр, даяаршлын анхны суурийг тавигч байсан гэх үзлийг түүхийн шинжлэх ухаанд нэвтрүүлсэн юм. Орчин үеийн түүх бичлэгт энэ өнцг хүчтэй түрэн гарч ирж буй. Эдгээрийг дараах салбаруудаар тайлбарлаж болно.

ХУДАЛДААНЫ САЛБАРЫН ХУВЬСГАЛ

Чингис хаан болон түүний залгамжлагчид Торгоны замыг бүрэн хяналтдаа авч, түүхэнд "Пакс Монголика" (Монголын амар амгалан) гэж нэрлэгдсэн үеийг цогцлоосон юм. Торгоны зам нь ганц шулуун зам байгаагүй, харин  хуурай зам болон далайн тээврийн маш өргөн сүлжээ байв. Үүнийг газар зүйн байрлалаар нь үндсэн 3 хуурай замын маршрут болон 1 далайн маршрут болгон хуваадаг.

Монголын эзэнт гүрний (Pax Mongolica) үед эдгээр замууд нэгдсэн нэгэн хамгаалалтад орж, түүхэндээ хамгийн аюулгүй, идэвхтэй үедээ хүрсэн юм.

1.Төв зам: Хятадын эртний нийслэл Сиань (Чанъань) хотоос эхэлж, Дуньхуан хотод хүрч салбарладаг, хамгийн өргөн ашиглагддаг зам байв.

  • Маршрут: Сиань-Ганьсугийн коридор-Дуньхуан (энэ цэгээс Говийн хойд, урд замаар салж, Такламакан цөлийг тойрно)-Кашгар- Памирын нурууг давж Төв Ази (Самарканд, Бухар)-Перс (Иран)- Газар дундын тэнгисийн эрэг (Антиох)-Ром/Европ.
  • Ач холбогдол: Торго, шаазан, үнэт чулуу тээвэрлэх гол суваг байв.

2. Хойд зам (Тал нутгийн чиглэл) Монголын эзэнт гүрний үед хамгийн их цэцэглэж, аюулгүй байдал нь бүрэн хангагдсан зам юм.

  • Маршрут: Хятадын хойд бүс нутаг-Монголын тал нутаг (Хархорум хот)- Алтайн нуруу- Казахстаны тал нутаг- Ижил мөрөн (Алтан ордны улсын нийслэл Сарай хот)- Хар тэнгисийн эрэг (Крым)- Константинополь (Стамбул)- Европ.
  • Ач холбогдол: Барууны аялагч Марко Поло, Рубрук нар энэ замаар Монголын хаадын ордонд ирж байв. Энэ зам нь урд талын цөлийн замуудыг бодвол морьт цэрэг, өртөө улаа ашиглахад нэн тохиромжтой байжээ.

3. Урд зам (Энэтхэгийн чиглэл) Төвд болон Гималайн нурууны бэлээр дайрч, өмнөд Азийн соёлыг холбодог байсан бартаа ихтэй зам.

  • Маршрут: Сычуань/Юньнань (Хятад)-Төвд-Гималайн нуруу-Энэтхэг (Ганг мөрний хөндий)-Цааш Иран болон Ойрхи Дорнодтой холбогдоно.
  • Ач холбогдол: Буддын шашин Хятадад нэвтрэх гол суваг болсон бөгөөд "Цай-Морины зам" гэж алдаршсан салбар чиглэлийг багтаадаг.

4. Далайн торгоны зам Хуурай замаас гадна тээвэрлэлтийн багтаамж ихтэй, далайн худалдааны томоохон маршрут ажиллаж байв. Хубилай хааны үед Монголчууд энэ замыг маш ихээр дэмжиж, Төмөр замаас гадна усан флотыг хөгжүүлсэн.

  • Маршрут: Хятадын өмнөд эргийн хотууд (Гуанжоу, Цюаньжоу)-Өмнөд Хятадын тэнгис-Малаккын хоолой-Энэтхэгийн далай-Арабын тэнгис (Ормузын хоолой)- Улаан тэнгис- Египет (Александрия)-Европ.
  • Ач холбогдол: Хүнд жинтэй шаазан эдлэл, их хэмжээний халуун ногоог тээвэрлэхэд хамгийн ашигтай суваг байлаа.

Эдгээр маршрутыг мэдэлдээ оруулсан монголчуудын хувьд бага зэргийн дээрэм тонуул хийж, өнөө маргаашаа аргацаах нь чухал бус харин эзлэн түрэмгийлсэн улс бүртээ боломжит бүх далуу тавуудыг нэвтрүүлж, тэдгээрээс ашиг хүртэж, татвараа өндөр авч, өөрсдийн тансаг амьдралыг хангах нь чухал байв.

Хятадад наадам, ёслолд ашиглагддаг байсан дарийг монголчууд цэргийн зэвсэг болгон хөгжүүлж, улмаар Ойрхи Дорнодоор дамжин Европт хүрч, рыцарийн цайзуудын үеийг төгсгөн, цэргийн техникийн хувьсгал хийсэн гэж түүхчид үздэг. Хятадын модон бараар хэвлэх технологи баруун зүгт шилжсэн. Мөн цаасан мөнгө (Гэрэгэ-тэй хамт) хэрэглэх соёл Перс, Ойрхи Дорнодод туршигдаж, хожим Европын банкны системд нөлөөлсөн нь монголчуудын л түүхэн гавъяа юм.

Хятадын хөх, цагаан шаазангийн хээ угалз, торгоны загвар Исламын ертөнцийн миниатюр зураг болон Европын нэхмэлийн урлагт гүн туссан. Хятадын анагаах ухааны шид эрдэм ч Персийн анагаах ухаанд нэвт шингэжээ.

Өөрөөр хэлбэл, торгоны замын маршрутаар зүүн өмнөд азийн шинжлэх ухаан, практикийн нээлтүүд Исламын ертөнц болон европ руу нэвтэрч барууны сэргэн мандалтад хүчтэй нөлөө үзүүлж, тэдний “нүдийг тайлсан” юм.

Эсрэгээрээ европын шинжлэх ухаан, анагаах ухаан, архитектур азийн улс орнуудад ч нэвтэрсэн. Персийн одон оронч Бээжинд ажиллаж, Араб, Перс эм тан, мэс заслын аргууд Зүүн Азийн анагаах ухааныг баяжуулж, хөдөө аж ахуйн салбарт хүртэл шинэ зүйлсийг нэвтрүүлсэн юм.

Монголчуудын ачаар Торгоны замаар саадгүй нэвтэрсэн энэ бүх худалдаа соёлын солилцооноос олны мэдэх Мөнгөн модны талаар сонирхуулъя.

Хархорум хотын төвд, Мөнх хааны ордонд босгосон Мөнгөн мод (Silver Tree) бол дундад зууны инженерчлэл, механик урлалын гайхамшигт бүтээл юм. Үүнийг Францын Парисын уран дархан Гийом Буше (Guillaume Boucher) монгол болон харь газрын гар урчуудтай хамтран урласан байдаг.

Түүхч Вильгельм де Рубрукийн тэмдэглэлдээ Мөнгөн модны дотоод бүтэц, нарийн инженерчлэлийг үлдээжээ.

Түүний тэмдэглэснээр мөнгөн мод нь зөвхөн гоёл чимэглэл биш, дотроо нууц хоолойнуудын сүлжээ бүхий анхны автомат ундааны машин байв. Модны үндэс хэсэгт дөрвөн мөнгөн арслан байх бөгөөд тэдгээрийн амнаас гүүний исгэсэн айраг (каракосмос) гардаг байжээ. Харин модны дөрвөн том мөчир бүрээс нь дарс, айраг, зөгийн балны ундаа зэрэг дөрвөн өөр төрлийн ундаа гоождог байжээ.

Ингэж гоожуулахын тулд модны гол их бие дундуур дөрвөн хоолой ордон руу, тодруулбал модны бэлд байх зоогийн газарт хүрдэг байв. Сэнтийн ард ундаа хадгалах зоорь байх бөгөөд тэндээс үйлчлэгч нар ундааг юүлэхэд хоолойгоор дамжин модны мөчрүүдээр гоождог байв.

Ундааны нөөц дуусах үед ордны даамал дохио өгөхөд, модны доор байрлах нууц хийн хоолойгоор (хөөрөг ашиглан) хүчтэй агаар үлээдэг байжээ. Агаар орой дээрх сахиусан тэнгэрийн барьсан бүрээгээр дамжин гарахдаа маш чанга бүрээн дуу гаргадаг байв. Энэхүү бүрээн дууг сонссон зоорин дахь үйлчлэгч нар дараагийн ээлжийн ундаануудыг хоолой руу цутгаж эхэлдэг байжээ.

Энэхүү инженерчлэл нь Монголын эзэнт гүрэн өөр өөр соёл, технологийн ололтыг хэрхэн нэг дор цуглуулж чадсаны илрэл юм. Франц дархны удирдлага дор Европын механик арга барил, Азийн уламжлалт ундааны соёл, Ойрхи Дорнодын металл боловсруулах техник нэгдэн энэхүү бүтээлийг төрүүлжээ. Үнэхээр гайхалтай биш гэж үү?

ӨРТӨӨ УЛАА БУЮУ МЭДЭЭЛЛИЙН ХУВЬСГАЛ

Монголын эзэнт гүрний байгуулсан Өртөө улааны систем (Өртөө) бол дундад зууны үеийн дэлхий дахиныг цочроосон харилцаа холбоо, мэдээллийн жинхэнэ хувьсгал байлаа. Чингис хааны үндэс суурийг нь тавьж, Өгэдэй хааны албан ёсоор хуульчлан системчилсэн энэхүү сүлжээг өнөөдөр түүхчид "Дундад зууны интернэт" буюу даяаршлын анхны мэдээллийн дэд бүтэц гэж үздэг.

Мэдээ түгээх хамгийн хурдан энэ аргыг хийхдээ өртөө бүрийг хооронд нь морины хурдаар тооцож, ойролцоогоор 25-30 км (нэг өртөө газар) тутамд байгуулжээ. Өртөө бүр дээр шинэ морьд, хоол хүнс, амрах байр бэлэн байдаг байв. Мэдээ тээвэрлэж буй элч (өрлөг) ирэхэд шууд дараагийн шинэ морийг унан цааш давхидаг эсвэл дараагийн элчид мэдээг буухиалан дамжуулдаг байжээ.Элч нар морины дэл дээр унтаж, өдөр шөнөгүй давхидаг байв. Тэдний бүсэнд зүүсэн хонхны дуугаар дараагийн өртөөнийхөн элчийг ирж буйг урьдчилан мэдэж, морийг нь бэлэн болгон хүлээж авна. Яг энэ системийн ачаар Европоос Монгол руу, эсвэл Хятадаас Ойрхи Дорнод руу илгээсэн мэдээ хэдхэн долоо хоногийн дотор очиж байв. Энэ нь урьд өмнө нь хэдэн сар, жилээр аялдаг байсан хугацааг хэд дахин товчилсон хувьсгал байлаа.

Хааны элч нар болон чухал худалдаачид алт, мөнгө, хүрэл гэрэгэ зүүдэг байв. Энэ нь өнөөгийн "дипломат паспорт" болон "онцгой эрхийн үнэмлэх" байлаа. Гэрэгэ бүхий элчид аль ч улс, аймгийн өртөө шууд үйлчлэх, шилдэг морьдоо гаргаж өгөх үүрэгтэй байв. Өртөөний системийг Их Засаг хуулиар хамгаалж байсан бөгөөд элчийн биед халдах, мэдээллийг саатуулах, эсвэл өртөөний морийг хулгайлбал шууд цаазаар авах ял оноодог байжээ. Энэ чухал үүргийг мэдэхгүйгээр Монголын элчид муугаар хандсан улс орнуудыг ямар хувь заяа хүлээдэг байсныг бид бэлхнээ мэдэх билээ.

“Яаж монголчууд тийм цөөхүүлээ байтлаа тэр их газар нутгийг мэдэлдээ байлгаж чадсан байна аа” гэж гайхан ярьдгийн хариултын нэг хэсэг энэ юм. Өртөө улаа, мэдээллийн хурдын гайхамшгаар монголын хаад өөрийн эзэнт гүрний өнцөг булан бүрт юу болж байгааг, татварын орлого, бослого хөдөлгөөнийг цаг алдалгүй мэдэж, төрийн удирдлагыг төвлөрүүлж чадсан гэж түүхчид үздэг.

Марко Поло өөрийн тэмдэглэлдээ Хубилай хааны өртөөний системийг гайхан бичихдээ, "Энэ систем нь уран сэтгэмжээс ч давсан, улс орныг удирдах хамгийн агуу арга" хэмээн дурдсан байдаг.

“Монголын ноёрхол дор манай гарагийн алс холын бүс нутгууд хоорондоо гүнзгий харилцаанд орж, наанадаж 1200-аад оны дундаас 1300-аад оны дунд үе хүртэл бүтэн зууны туршид эдгээр бүс нутаг эдийн засгийн солилцоо, үйлдвэрлэлийн нийтлэг сүлжээнд холбогдсон байв. Хүмүүстэмээн жингээр Италиас Хятад хүртэл анх удаа аюул осолгүй зорчдог болсон байжээ” гэж “Алтан орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” (2021) номондоо францын эрдэмтэн Мари Фавэру бичсэн байдаг.

Гэх мэтээр технологи инновацийн солилцоо, шашны эрх чөлөө, хууль цааз, олон улсын дипломат ёс гээд монголчуудын салбар бүрт бий болгосон маш том өөрчлөлтүүдийг дурьдаад байвал барагдахгүй их ээ. Тиймээс дэлхийн хөгжлийг хурдасгасан Чингис хаан, түүний хөвгүүдийн түүхэн гавъяаг түүхчид цоо шинэ өнцгөөр хардаг болсон билээ.

Хэрэв та Их Британи, Англид амьдардаг бол Лийдс хотод “Royal Armouries” музейд түүхийн яг энэ өнцгийг тодруулсан, маш ховор 250 гаруй үзмэрийг дэглэсэн “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн яг одоо гарч байгааг дуулгахад таатай байна. Мөн энэ үзэсгэлэнгийн үеэр морин дэлэн дээрээс дэлхийг эрхшээж байсан монголчуудын талаар “Морьт шоуг” үнэ төлбөргүй сонирхуулж байгаа. Энэ шоу нь өдөрт хоёр удаа болж буй бөгөөд 31-ээр дуусгавар болох юм. Харин музейн үзмэрүүд цааш үргэлжилж, 11 сарын 1 хүртэл гарна.

Та гэр бүл, үр хүүхэдтэйгээ очиж сонирхож, хойч үедээ өмнөх үеийнхээ түүхийг бахархан өгүүлж, түүхийн холбогч болоорой гэж хүсье.

Та ЭНД ДАРЖ тасалбараа захиалаарай. 

Харин ЭНД ДАРЖ морьтнуудын шоуны захиалга өгөх, мэдээлэл авах боломжтой.

ЭНД ДАРЖ Royal Armouries музейн фэйсбүүк хуудаст нэгдэж, мэдээллүүдийг аваарай.

Холбоос хуулагдлаа