онцлох - нүүр хуудас

ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ- он цаг, үйл явдал

"Энэхүү нийтлэлийг Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр засаглалын хөтөлбөрийн хүрээнд гаргав"

О.Ариунбилэг·

Хотын гудамжинд том ханын зураг

МЕГА ТӨСЛИЙГ МЭДЭХ ЭРХ

Энэхүү нийтлэлд Нийслэлээс хэрэгжүүлэхээр эхлүүлсэн ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, улмаар Засгийн газраас үйл ажиллагааг нь зогсоож, хэргийг шүүхэд шилжүүлсэнтэй холбоотойгоор зогсоод буй Туулын хурдны зам төслийн талаарх мэдээллийг он цагийн дарааллаар оруулав.

ТӨСӨВТ ӨРТӨГ

2013 он: Засгийн газрын 307 дугаар тогтоолоор хурдны зам барих, талбайн солбицол тогтоож, чигийг анх тогтоосон. Энэ тогтоол одоо хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна (ҮАГ). Үүний дагуу 2014 онд Нийслэлийн засаг даргын Зам тээвэр, дэд бүтэц хариуцсан орлогч, УБ хотын ерөнхий архитектор, ЭЗХЯ, Гудамж төслийн захирал нар хамтран баталсан ажлын даалгаврын дагуу MCPCG төсөв, ТЭЗҮ хийснийг Барилгын хөгжлийн төвөөс магадлал хийж баталгаажуулжээ.

2016.5.18: Зам тээврийн хөгжлийн төвөөс өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтээр төслийн нэгдсэн төсвийг 594,8 тэрбум төгрөгөөр баталгаажуулсан.

2024.11.19: НИТХ-ын гаргасан шийдвэрийн дагуу, 509/2024 дугаарт магадлалын ерөнхий дүгнэлтээр 4 эгнээ, 3,8км урт гүүрэн байгууламж бүхий “Туулын хурдны зам” төслийн барилгын ажлын төсөвт өртгийг 916,3 тэрбум төгрөгөөр баталгаажуулсан.

2025.2.10: Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон Нийслэлийн захирагч нар Х.Нямбаатар нарын 2025 оны хамтарсан шийдвэрээр төсөвт өртгийг 1,9 их наяд төгрөг болгохоор тендэрийн барим бичигт тусгажээ. “Нэмэгдүүлсэн шалтгаан нь магадлалаар баталгаажаагүй, тайлбар ирүүлээгүй” гэж Үндэсний аудитын газар 2026 оны зургаадугаар сард мэдээлсэн. Ийнхүү төсвийг нэмэгдүүлсэн шалтгаан нь замын эгнээг 6, гүүрэн байгууламжийн уртыг 3,8км-ээс 9,9 км болгож 2,6 дахин өсгөсөн байна.

2025.3.18: НИТХ-ын 25/106 дугаар тогтоол, Барилгын хөгжлийн төвийн 316/2025 дугаар магадлалын ерөнхий дүгнэлтээр төсөвт өртгийг 2,3 их наяд төгрөг (2.384.0₮) болгож, нэмэгдүүлэн батлав. Үүнийг задалвал:

  •      автозамын барилгын ажлын төсөв нь 687,8 тэрбум (ҮАГ)
  •      төмөр бетон гүүр, туннелын барилгын ажлын төсөв нь 1,6 их наяд (ҮАГ)
  •      бусад ажил 102 тэрбум төгрөг

    Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-аас Хаюань женерал групп компанитай хийсэн гэрээнээс

Үүн дээр газар чөлөөлөлтөд 170 тэрбумыг төсөвлөжээ. Туулын хурдны замын нэг км авто замыг барих төсөв нь 14.7 тэрбум төгрөг гэсэн үг.

Мөн 2024 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн Нийслэлийн засаг дарга асан Х.Нямбаатарын захирамжийг харвал Туулын хурдны замын зураг төсвийг шинэчлэх ажил нь 4,5 тэрбум төгрөг, Туулын хурдны замыг Нисэхийн хурдны автозамтай холбож, Наадамчдын автозам дээгүүр гүүрэн байгууламжийн зураг төсвийг шинэчлэхэд 1,5 тэрбум төгрөг төсөвлөн зарцуулж байжээ.

Төсвийн эх үүсвэр:

Улаанбаатар хотын ЗДТГ-аас гаргасан “Нийслэлээс хэрэгжүүлэх мега төслүүд” танилцуулгат Туулын хурдны зам төслийн төсвийг 600 сая доллар, эх үүсвэрийг “Нийслэлийн төсвөөс” хэмээн тодотгож өгсөн байдаг. Тэгвэл нийслэлийн төсвийн 70%-ийг хувь хүний орлогын албан татвар болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл, нийслэл нь иргэдийн хөдөлмөр эрхлэлт, ААН-ийн үйл ажиллагаанд суурилсан татварын орлогын бүтэцтэй. Туулын хурдны замын эх үүсвэрийг дараах байдлаар гаргахаар төлөвлөжээ.

  •      2025 онд 538,6 тэрбум төгрөгийг орон нутгийн орлогын эх үүсвэрээс (иргэд, ААН-ийн татвараас),
  •      2026 онд 787,3 тэрбум төгрөгийг улсын төсвөөс гэж төлөвлөжээ.

Төсвийг зарцуулсан байдал:

Төслийг гүйцэтгэгч БНХАУ-ын Хао Юань Женерал компанид “Мөнх даатгал” компаниас гаргасан урьдчилгаа төлбөрийн баталгааг гаргасан. Энэ баталгааг үндэслэн 2025 оны 9-р сарын 12-ны өдрөөс эхлэн 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хооронд, нийт зургаан сарын хугацаанд 13 удаагийн гүйлгээгээр 500 тэрбум төгрөгийг шилжүүлжээ. Үүнд:

  •       2025 онд 401 тэрбум төгрөг,
  •       2026 онд үлдэгдэл 99 тэрбум төгрөгийг гаргаж өгчээ.

Харин Санхүүгийн зохицуулах хорооноос “500 тэрбум төгрөгийн даатгагчийн баталгааг нэг даатгалын компани дангаараа гаргах санхүүгийн болон төлбөрийн чадамжгүй болно"гэдэг дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын хүсэлтийн хариуд гарган өгч байв. Ийм чадамжгүй гэдэг нь Мөнх даатгал компанийн санхүүгийн тайлангаар мөн батлагдсан юм.

Үүний зэрэгцээ 7.8 тэрбум төгрөгийн дараах зардлуудыг гаргасан гэдгийг ҮАГ-аас мэдээлэв. Үүнд:

  •     Туулын хурдны замын ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ 100.0 сая төгрөг;
  •      "Туулын хурдны зам"-ын зураг, төсвийг шинэчлэх ажил 2.9 тэрбум төгрөг;
  •      Газар чөлөөлөх нөхөн төлбөр (2025 он) 800 сая төгрөг;
  •      Газар чөлөөлөх нөхөн төлбөр (2026 он) 3.9 тэрбум төгрөг;
  •       "Туулын хурдны зам" ОНӨААТҮГ-ын үйл ажиллагааны зардал 50 сая төгрөг;
  •     "Туулын хурдны зам" барих барилгын ажлын зураг төсөл боловсруулах, худалдан авах барилгын ажил гүйцэтгэх гэрээ хэлэлцээ хийхэд зөвлөх үйлчилгээний зардалд 25 сая төгрөг.

2026.8.10: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал нь Ерөнхий сайд Н.Учралд “Нийслэлийн төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын талаар” асуулга тавьсан. Асуулгын хариуд ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва нараас хариу өгсөн байдаг. Уг хариуд  БНХАУ-ын Хао Юань Женерал компанид олгосон 500 тэрбумын төгрөгийн талаар дурьдахдаа:

“Үнэлгээний хорооны зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн Замын хөгжлийн газраас ирүүлсэн гэрээний төслийг иж бүрдлийн хувьд хянан, БНХАУ-ын "Хятадын хаоюань групп" ХХК болон "Тяньжин өүбайвэй" ХХК-ийн түншлэлтэй гэрээг баталгаажуулсан.

Гэрээний хавсралтад үнийн дүнгийн 21.32 хувь буюу 500.0 тэрбум төгрөгийн урьдчилгаа санхүүжилт олгохоор тусгагдсан. Дээрх гэрээний нөхцөл болон зохих хууль журмуудын дагуу гүйцэтгэгчээс ирүүлсэн даатгалын урьдчилгаа төлбөрийн баталгааг үндэслэн ажлын бэлтгэл хангахад зориулан урьдчилгаа төлбөрийг олгосон. Тус асуудал нь хууль хяналтын байгууллагад шалгагдаж байна” гэжээ.

ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛСАН НЬ

2025.01.27: Нийслэлийн Засаг даргын А/77 дугаар захирамжаар "Туулын хурдны зам" төслийн худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт (НХААГ) шилжүүлсэн.

2025.01.27: Анхны сонгон шалгаруулалтыг зарласан.

2025.04.01: Тендерийг нээсэн.

2025.04.09: Тендэрийн үнэлгээг эцэслэн шийдвэрлэсэн байна. Тендерийн төсөвт өртөг нь 1,964.8 тэрбум төгрөг байсан бөгөөд нийт 3 оролцогч тендерт материал илгээжээ.

  1.     "Поли Чангда Инженеринг" ХХК,
  2.     "Шандун Лу Чиау Групп" ХХК,
  3.     "Лүнжянь Роуд энд Бридж" ХХК

Гэвч дээрх 3 компанийн тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй гэж үнэлэгджээ. Тиймээс худалдан авах ажиллагааг дахин зохион байгуулахаар болов.

Дахин тендер шалгаруулалтад нийт 4 оролцогч санал ирүүлсэн:

  1.     "Поли Чангда Инженеринг" ХХК,
  2.     "Хятадын Хаоюань Групп" ХХК, "Тяньжин Оубэйвэй" ХХК
  3.     "Шандун Лу Чиау Групп" ХХК,
  4.     "Лүнжянь Роуд энд Бридж" ХХК

2025.04.23: Тендерийг дахин зарлав.

2025.06.27: Тендэрийг нээв.

2025.07.04: Тендэрийн үнэлгээний шийдвэр гаргасан.

2025.07.23: "Хятадын Хаоюань Групп" ХХК болон "Тяньжин Оубэйвэй" ХХК-ийн түншлэл шалгарсан мэдээллийг тус компанид хүргүүлсэн.

Дахин зарласан тендерийн төсөвт өртөг 2,384.0 тэрбум төгрөг болж, өмнөх төсөвт өртөгтэй харьцуулахад 419.2 тэрбум төгрөгөөр буюу 21.3 хувиар нэмэгдсэн байв.

Ингээд шалгарсан хоёр компанитай “Нийслэл Улаанбаатар хотод “Туулын хурдны зам” барих барилгын ажлын зураг төсөл боловсруулах, худалдан авах, барилгын ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий хэлэлцээр”-ийг 2025 оны 8 дугаар сарын 5-ны өдөр байгуулжээ. Гэрээнд захиалагчийг төлөөлж дараах албан тушаалтнууд гарын үсэг зурсан байна. Үүнд:

  •      Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын (НЗДТГ) дарга Д.АМГАЛАН
  •      НЗДТГ-ын Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.ГАНТУЛГА
  •      Нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн Л.Гандулам
  •      Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.ОДБАЯР
  •      Нийслэлийн Замын хөгжлийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.БИЛГҮҮН
  •      Нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилга, инженерийн байгууламжийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.ЭНХМАНДАХ
  •      Нийслэлийн Замын хөгжлийн газрын Ахлах нягтлан бодогч Б.ХОНГОРЗУЛ
  •      Нийслэлийн Замын хөгжлийн газрын гэрээний мэргэжилтэн Г.ГЭРЭЛГЭГЭЭ

Харин гүйцэтгэгч талыг төлөөлж "Хятадын Хаоюань Групп" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Лиу Дайвен, "Тяньжин Оубэйвэй" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ху Жиаминг нар зуржээ.

ТӨСВИЙН ҮР АШИГТАЙ БАЙДАЛ

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх төслийн нэг нь Туулын хурдны зам юм. Уг хурдны зам  нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 6 эгнээ 32 километр үргэлжилнэ.

Энэ зам баригдсанаар нийслэлийн замын түгжрэлийг бууруулж, зорчих хурдыг 14%-иар нэмэгдүүлнэ. Төслийн захиалагч Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатар, түүний нэгдүгээр орлогч Даваадалай нарын өгсөн мэдээллээр зорчилт бүрээс 5000 төгрөгийн хураамжийг авахаар төлөвлөсөн. Туулын хурдны замаар өдөрт 180 мянган автомашин зорчино гэсэн тооцоололтой.

ТӨСВИЙН ЗӨВШӨӨРӨЛ, БАРИМТ БИЧГИЙН ГҮЙЦЭТГЭЛ

Туулын хурдны замын төслийн ТЭЗҮ-ийн урьдчилсан зураг төслийг хянаж, баталгаажуулах ажлыг Барилгын хөгжлийн төв 2025 онд хийсэн. Он цагаар нь харвал:

2025.03.18: Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг Барилгын хөгжлийн төвөөс

2025.06.09: Байгаль орчинд нөлөөлөх ерөнхий үнэлгээний дүгнэлтийг

2026.03.19: Байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээний тайланг

2026.04.17: Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тус тус Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хүлээн авч хянан баталгаажуулсан байна.

Төслийн дараах тайлангуудыг “Хот төлөвлөлт судалгааны институт” ОНӨААТҮГ-аас хийсэн. Энэ байгууллага нь нийслэлийн өөрийнх нь харъяа байгууллага юм.

  •      Автозамын ТЭЗҮ-ийн инженерийн судалгааны тайлан
  •      Нийгмийн судалгааны тайлан
  •      Эдийн засгийн судалгааны тайлан
  •      Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан
  •      Ус зүйн судалгааны тайлан

Төслийн ТЭЗҮ-ийн инженерийн судалгааны тайланг нормуудын шаардлагад нийцүүлэн боловсруулсан болохыг баталж, Магадлалын ерөнхий дүгнэлтийг дараах албан тушаалтнууд 2025 оны 1 сарын 23-нд гаргажээ.

  •      Д.Оюунболд (Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын захирал)
  •      Г.Анхцэцэг (Бодлогын хэрэгжилт, зураг төслийн магадлал, стандарт норм нормативын хэлтсийн дарга)
  •      С.Мөнхтуяа (дээрх хэлтсийн автозам, гүүрийн зураг төслийн магадлал хариуцсан мэргэжилтэн)

Байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайланг 2025 онд Г.Болдбаяр захиралтай “Мон газар экологи” ХХК хийжээ.

Нийгмийн судалгааны тайланг Хот төлөвлөлт, судалгааны институт хийжээ. Тайлангийн хүрээнд хийсэн судалгаанд иргэд хурдны зам барихыг зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байгаа ч энэ нь Туул гол дээгүүр зам барих талаар нэг ч асуулт байсангүй.

Төслийн эдийн засгийн шинжилгээний тайлан, Урьдчилсан зураг төслийг мөн Хот төлөвлөлт, судалгааны институт хийжээ.

Зөвшөөрлүүд: Аливаа төслийг хэрэгжүүлэхэд холбогдох төрийн байгууллагуудын зөвшөөрлийг авсан байх ёстой. Жишээ нь, Туулын хурдны зам мега төслийг хэрэгжүүлэхийн тулд:

  •      Байгаль орчны менежментийн төлөвлөгөө
  •       Усны газрын зөвшөөрөл
  •      Ойн газрын зөвшөөрөл
    Туул голын сав газрын захиргаа
  •      Соёлын өвийн үндэсний төв
  •      Богдхан уулын дархан цаазат газрын зөвшөөрөл зэргийг авна.

Тэгвэл энэ мега төслийг хэрэгжүүлэхийн тулд хамгийн эхэнд авсан байх ёстой Байгаль орчны менежментийн ТӨЛӨВЛӨГӨӨГ ХИЙЛГҮЙГЭЭР төслийн үйл ажиллагааг эхлүүлж, Туул голын бургасыг хядаж эхэлсэн байв. “Хатан Туулаа хамгаалъя” иргэдийн хөдөлгөөнөөс энэ зөвшөөрөл байгаа эсэхийг Байгаль орчны яамнаас шаардахад тус яам сая ийм зөвшөөрөл аваагүй гэдгийг илэрхийлсэн юм. Улмаар төслийн захиалагч Нийслэлийн ЗДТГ-ыг байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө илгээхийг яамнаас шаардав. Энэ зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн нь хууль бус тул БОЯ-наас 2026.4.8-ны өдөр “Хуульд нийцэх хүртэл” Туулын хурдны замын үйл ажиллагааг түр зогсоож, дөрөвдүгээр сарын 17-ны өдөр байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө батлуулсан гэж үзсэн тул үйл ажиллагаагаа эхлүүлэх зөвшөөрлийг өгсөн.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга З.Батбаяр төслийн үйл ажиллагаа эхэлснээс, зургаадугаар сард зогсоох хүртэлх өдрүүдэд тайлбар өгөх бүртээ тус газраас Туулын хурдны зам мега төсөл нь ямар нэгэн ЗӨВШӨӨРӨЛ АВААГҮЙ болохыг батлан, шаардлагатай хариуг 2026.4.23-ны өдөр Хатан Туулаа хамгаалъя иргэдийн хөдөлгөөнийхөнд албан бичгээр гаргаж өгөв.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар нь мөн тус газраас ЗӨВШӨӨРӨЛ АВААГҮЙ болохыг илэрхийлсан албан бичгийг 2026.4.23-ны өдөр иргэдийн хөдөлгөөнийхөнд гаргаж өгөв.

Туул голын сав газрын захиргаанаас ямар нэгэн ЗӨВШӨӨРӨЛ хүссэн, санал зөвлөмж хүргүүлсэн зүйл БАЙХГҮЙ гэдгийг 2026.4.17-ны өдөр иргэдийн хөдөлгөөнийхөнд албан бичгээр илэрхийлэв.

Аливаа төслийг хэрэгжүүлэхэд хуульд заасны дагуу палентологи, археологийн судалгаа хийгдсэн байх ёстой бөгөөд энэ СУДАЛГАА, ТАЙЛАН Соёлын өвийн үндэсний төвд Туул голын хурдны замтай холбоотой БҮРТГЭГДЭЭГҮЙ болохыг иргэний хөдөлгөөнийхөнд албан бичгээр 2026.4.2-ны өдөр мэдэгдэв.

Мөн дараах 4 төрлийн ЗӨВШӨӨРЛИЙГ АВААГҮЙ болохыг ҮАГ-ын дүгнэлтэд дурьдав. Үүнд:

  1.     Газар эзэмшүүлэх зөвшөөрөл
  2.     Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрөл
  3.     Хаягдал ус зайлуулах зөвшөөрөл
  4.     Усны сан бүхий газрын ашиглалтын төслийн дүгнэлт.

Хэрэгжүүлэгч компанийн баримт бичиг:

БНХАУ-ын "Хятадын хаоюань групп" ХХК болон "Тяньжин өүбайвэй" ХХК-ийн түншлэл компаниуд нь тендэр зарласнаас хойшх байдлаар эрх бүхий байгууллагаас татварын өргүй болохыг нотлох бичиг баримтыг ирүүлээгүй (2026.6.15-ны өдрийн байдлаар).

"Хятадын хаоюань групп" ХХК хугацаа хэтэрсэн өргүй тухай тодорхойлолтыг өөрсдөө гаргаж илгээжээ. Citibank N.A Hongkong банкны имэйл ирүүлсэн боловч зээлийн мэдээллийн сангийн тодорхойлолттой адилтгах баримт бичиг ирүүлээгүй.

ЗГХЭГ-ын мэдээллээр дээрх хоёр компанийн түншлэл нь тендэрийн цахим системд компанийн худалдааны менежер Д.Золбоо гэгчийн цахим гарын үсгээр 2025.6.27-ны 01.19 цагт баталгаажжээ. Гэвч Д.Золбоо нь тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болохыг баталсан баримт бичгийг тендэрийн хороонд ирүүлээгүй.

Мөн түншлэлийг төлөөлөн оролцох, гэрээний хэрэгжилтийг захиалагч, хуулийн этгээдийн өмнө хариуцах нэг гишүүнийг томилоогүй нь худалдан авах тухай хуулийг зөрчжээ.

"Тяньжин Оубэйвэй" ХХК нь Бүгд Найрамдах Серби Улсын 2024.10.04-ний “I131A2”, “I132G1” тусгай зөвшөөрөл ирүүлсэн. Серби Улсын ТЗ-ийн орчуулгад “ӨҮБайВэй” ХХК, “Белград-Шингэ Белград гэсэн нь “OBW Grandja Doo Beograd-Novi Beograd” эх хувиас зөрүүтэй. “Тяньжин ӨүБайВэй” компани өөрийн тусгай зөвшөөрлийг ирүүлээгүй. Оронд нь Серби Улсад үүсгэн байгуулж, хөрөнгө оруулсан OBW барилгын ХХК-ийн тусгай зөвшөөрлийг ирүүлсэн байна” гэж ЗГХЭГ-ын шинжээчид дүгнэсэн.

Дээрх хоёр компанийн санхүүгийн чадамжийг илэрхийлэх баримт бичгүүд дутуу буюу харилцагч банкны дансны үлдэгдэл, арилжааны банкнаас зээл авах боломжтой тухай тодорхойлолтыг Монгол Улсын талд ирүүлээгүй.

ТӨСЛИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН ИРГЭДИЙН ХӨДӨЛГӨӨН, ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ

2026.3.21, 22: Иргэд Туулын хурдны замын төсөл нь байгаль орчинд халтай, Улаанбаатар хотын иргэдийн ундны усны эх үүсвэрийг үгүй хийх эрсдэлтэй гэж үзэн эсэргүүцлийн хөдөлгөөнийг эхлүүлэв. Иргэн Ц.Лут-Очир, Г.Уянга, О.Ариунбилэг нар жагсаал хийх хүсэлтээ 19-ний пүрэв гарагт ХУД-ийн Тамгын газарт өгсөн ч "Хуулийн хэлтэст нь өгөөгүй" гэх шалтгаанаар бичгийг хүлээн аваагүй байв. Ингээд эхний хоёр өдөр буюу бямба, ням гарагуудад Маршалын гүүрийн хойд талд зам дагуу зогсож, эсэргүүцлээ илэрхийлсэн. Цагдаа нар зөвшөөрлийн бичиггүй тул зогсох боломжгүй гэж байсан ч иргэдийг эсэргүүцлээ илэрхийлэхийг зогсоосонгүй. 

2026.3.23: Энэ өдрөөс эхлэн иргэд Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан хийв. Төв талбай дээр өдөр бүр 12-14 цагийн хооронд жагсаж байсан бөгөөд, жагсаал нийт 30 хоног үргэлжилсэн юм. Та бүхэнЭНД ДАРЖиргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөний талаар унших боломжтой.

2023.3.28: Энэ өдөр 200 гаруй хүнийг цуглуулж, Туул голын нөхцөл байдалтай алхаж очин танилцав. Туул голын эргээр химийн бодис ашигласан, өрөм ажиллуулсан, бургасыг зурвас гарган олноор нь хядсан нөхцөл байдлыг иргэд өөрсдийн биеэр үзэв.

2026.3.30: УИХ дах Ардчилсан намын бүлгээс Туулын хурдны зам хэлэлцүүлгийг зохион байгуулж, Нийслэлийн удирдлагууд болон иргэд, мэргэжилтнүүд, судлаачдын оролцоотой хэлэлцүүлгийг хийв.

2026.3.30: Төрийн ордонд хэлэлцүүлэг болж байхтай зэрэгцэн Нийслэлийн засаг дарга асан Х.Нямбаатар албаа хашиж байхдаа Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийн эсрэг жагсаалыг хорооны Засаг дарга нар болон хэсгийн ахлагч нарын хамтаар хийв. 

2026.3.27 болон 4.2: Энэ өдрүүдэд Хатан туулаа хамгаалъя иргэдийн хөдөлгөөнөөс Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарт Туулын хурдны зам төслийг яаралтай зогсоохыг шаардсан шаардах бичгийг хүргүүлэв.

Мөн энэ өдөр Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас иргэдээс жагсаал хийх хүсэлт илгээсэнд татгалзсан хариу өгч буйгаа илэрхийлэв. Гэвч жагсаал зогссонгүй.

2026.4.8: БОЯ-наас байгаль орчны менежментийн төлөвлөгөө өгөөгүй шалтгаанаар Туулын хурдны замын үйл ажиллагааг түр зогсоолоо гэдэг мэдэгдэл гаргав. Гэвч энэ хугацаанд үйл ажиллагаагаа зогсоолгүй явуулсаар байсныг холбогдох албаныхан болон иргэдийн хөдөлгөөнийхөн илрүүлсэн юм.

2026.4.13: Улс төрийн намууд, тухайлбал ХҮН нам, АН Туулын хурдны замын төслийг үр ашиггүй, хуудуутай хэмээн мэдэгдэв.

2026.4.15: Иргэний нийгмийн 15 байгууллага нэгдэж Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийн хөдөлгөөнийг дэмжин, энэ төслийг зогсоох шаардлагатай гэдэг шаардлагыг гаргав.

2026.4.17: Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нөхөж өгсөн гэх үндэслэлээр төслийн үйл ажиллагааг дахин эхлүүлэв. Ёс журмаараа бол энэ баримт бичгийг хангалгүйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн нь өөрөө хууль бус.

2026.4.22: Ерөнхий сайд Н.Учрал "Туулын хурдны зам төслийн үйл ажиллагаа нь хууль зөрчсөн, бичиг баримт дутуу тул үйл ажиллагааг нь зогсоож буйг илэрхийлэв.

2026.5.26: Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулав.

2026.6.15,16: Нийслэлийн төсөвтэй холбоотой УИХ-ын Хяналтын сонсголыг зохион байгуулав.

2026.8.18: Хотын дарга Б.Пүрэвдагва Туулын хурдны замын трассыг өөрчилж, энэ төслийг үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлэв. Одоогоор Туулын хурдны зам төслийн үйл ажиллагааг хуулийн байгууллагат шилжүүлсэн тул төсөл зогсонги байдалтай байна. 

2026.8.21: СОР17 хурлын үеэр Graph.mn сайтын сэтгүүлч Энэбишийн асуултадХотын дарга Б.Пүрэвдагва "Туулын хурдны зам гэж цаашид байхгүй. Туул голын эсрэг үйлдэл хийхгүй гэдгээ дахин ард иргэддээ хэлж байна. Бид батлагдсан санхүүжилтээр түгжрэлийг бууруулна. Тухайлбал түгжрэлтэй гарцууд дээр олон түвшний уулзвар барина" гэж мэдээлэв. 

Мөн энэ өдөр БНХАУ-ын Хаюань групп шүүхэд гомдол гаргажээ.

ЖИЧ: Дээрх мэдээллүүд нь он цагийн жагсаалтаар болсон үйл явдлыг шинэчлэн нэмсээр байх болно.

Мэдээллийн эх сурвалж: “Туулын хурдны зам мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байдал” сэдэвт Үндэсний аудитын газрын тайлан, Сангийн сайд З.Мэндсайханы илтгэл, Ulaanbaatar.mn, ЗГХЭГ-ын экспертүүдийн тайлан судалгаа, УИХ-аас зохион байгуулсан "Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" ерөнхий хяналтын сонсгол дээр тавигдсан илтгэлүүд болон бусад.

Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр Засаглалын хөтөлбөрийн хүрээнд энэхүү нийтлэлийг гаргав.

Холбоос хуулагдлаа