Дэлхий

Цаг агаарын үзэгдэл буюу Super El Nino энэ жил тохиож байна

Яагаад зургаадугаар сард гэнэт хүйтэрч их цас оров? Оны төгсгөлд цаг агаарын онц аюултай үзэгдлүүд болж болзошгүй хэмээн анхааруулж байна.

Орчуулагч·

Хотын гудамжинд том ханын зураг

2026.6.20

Дэлхийн цаг агаарын байгууллагаас (World Meteorological Organization) энэ жил Super El Nino гэх цаг агаарын эрсдэлт үзэгдэл болно хэмээн анхааруулж байна. Юун түрүүнд El Nino гэж юуг хэлж байгаа талаар тайлбарлая.

Цаг агаарын хоёр үзэгдлийг El Nino (бяцхан хүү гэсэн утгатай үг), La Nina (бяцхан охин гэсэн утгатай) гэж нэрлэдэг бөгөөд энэ жил дэлхий дахинд нүүрлэж байгаа нь El Nino гэх үзэгдэл юм. Хоёул онцлогтой. 

El Niño гэдэг нь Номхон далайн халуун бүсийн ус ердийнхөөс илүү халж, дэлхийн цаг агаарын системд нөлөөлдөг том хэмжээний уур амьсгалын үзэгдэл юм. Ердийн үед Номхон далайн зүүн хэсэг (Өмнөд Америк орчим) харьцангуй сэрүүн, харин баруун хэсэг (Индонез, Австрали орчим) халуун байдаг.

Харин El Niño болох үед салхины чиг өөрчлөгдөж, сэрүүн байсан Номхон далайн хэсэг халж эхэлдэг. Үүнээс болж агаарын даралт болон цаг агаарын үзэгдлүүд бүгд эсрэгээрээ болно. Номхон далайд усны температур өөрчлөгдөхөд дэлхий дахины цаг агаарт өөрчлөлт ордог байна.

El Niño үед зарим газар хэт халж, ган гачиг, түймэр дэгддэг. Харин зарим газар хүчтэй бороо орж, салхи шуурга дэгдэнэ. Дэлхийн дундаж температур нэмэгдэж, цаг агаар эрс тэс болно. Яг л өнөөдөр зун шиг халуун байснаа маргааш нь гэнэт цас орж байгаа үзэгдлийг хэлээд байгаа хэрэг. Энэ жилийн хувьд дэлхийн дулаарал хэдийнээ бодит аюул занал болчихоод байгаа үед El Niño илүү хүчтэй тусаж болзошгүй хэмээн эмээж байгаа юм.

Харин La Nina үед Номхон далайн ус ердийнхөөсөө хүйтэрнэ. Ингэхээр дэлхийн температур буурна. Зарим бүсэд бороо ихээр орж, зарим бүс өмнөхөөсөө сэрүүснэ. 

Өмнө хэлсэнчлэн, Дэлхийн цаг уурын байгууллагаас анхааруулж байгаагаар энэ жил бол El Niño үзэгдлийн жил юм. Энэ нь 6-7 жил тутамд бий болдог, жилийн турш ихэвчлэн үргэлжилдэг. Ялангуяа энэ оны сүүл гэхэд цаг агаарын ноцтой үзэгдлүүд бий болж болзошгүйг анхааруулж байгаа хэрэг.

Дашрамд сануулахад, оны эцсээр буюу 12-1 дүгээр сард сурагчдын амралт, өвлийн улирал болох тул манайхан далайн халуун орныг зорьдог. Харин энэ жил өнжсөн ч яахав дээ.

 

 

 

НҮБ-ын ЕНБД Антонио Гутерриш “Шинжлэх ухааны дүгнэлт тодорхой байна: ойрын саруудад El Niño үүсэх магадлал 90%-тайгаар манай дэлхийн босгон дээр ирээд байна. Дэлхий нийт үүнийг уур амьсгалын ноцтой анхааруулга гэж үзэх ёстой. El Niño нь аль хэдийн дулаарч буй дэлхийн ‘гал дээр тос нэмэх’ болно. Үр нөлөө нь улам хүчтэй болж, улам хол тархаж, хил хязгаарыг маш хурдан даван сүйрэл дагуулах болно. Үүний эсрэг цорын ганц үр дүнтэй хариу арга хэмжээ нь энэ хямралтай дүйцэх хэмжээний уур амьсгалын бодит үйл ажиллагаа юм — чулуужсан түлшнээс хараат байдлаа зогсоох, сэргээгдэх эрчим хүч рүү шилжилтийг хурдасгах, хамгийн эмзэг бүлгийг хамгаалах, мөн бүх хүнд зориулсан эрт сэрэмжлүүлэх системийг бий болгох хэрэгтэй.” гэж хэлсэн юм.

НҮБ-ын анхааруулж буйгаар El Nino 3-6 дугаар сард эхэлж, 6-8 сард оргил үедээ хүрч, 11-2 дугаар сар хүртэл үргэлжлэх ажээ. Тиймээс дэлхийн хөдөө аж ахуй, хүнс, түлшний салбарынхан болзошгүй эрсдэлд бэлтгэж байгаа хэрэг. 

Манай улсад наймдугаар сард болох СОР17 ч тун "халуухан" сэдэвтэй байх нь гэсэн үг. Доорх зурагт үзүүлснээр манай улс хэвийнээс илүү халуун, хуурай, ган гачигтай болох магадлалтай хэсэгт дүрслэгдсэн байна. Мөн зөвхөн хуурай гэсэн агуулга биш цаг агаарын савлагаатай үзэгдэлд ч тооцогдож болно.

Дэлхийн түүхийн сүүл үед бүртгэгдсэн El Nino хүчтэй үзэгдэл 1982/1983, 1997/1998, 2015/2016 онуудад тохиож байжээ. 

Холбоос хуулагдлаа