Скүүтер, мопедыг шинэ хуулиар ХЭРХЭН ЗОХИЦУУЛСАН бэ?
Хуульд эцэг, эх 18-аас доош насны хүүхдээ скүүтер, мопед унуулахгүй байхыг үүрэгжүүлж, биелүүлээгүй бол 200 мянгаар торгох зохицуулалтыг хийжээ.

Зорчих замынхаа зохицуулалтыг хийгээгүй байхад скүүтер, мопедыг хэрэглээнд шууд нэвтрүүлсэн нь явган хүний амьд явах, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж буй үйлдэл хэмээн иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандсан.
2023 оноос скүүтер, мопедтой холбоотой осол гэмтлийн тоо огцом өсөж, зөвхөн 2026 оны эхний 5 сарын байдлаар гэхэд 754 осол гэмтэл гарсан гэж Гэмтлийн эмнэлгээс мэдээлж байв. Тухайлбал, мопедтой холбоотой 335, скүүтер 114, сурронтой холбоотой 176 осол гарчээ. Харин явган явж байгаад эдгээр тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн 126 тохиолдол гарсан байна. Энэ төрлийн тээврийн хэрэгсэл унаж яваад осолд орж, эмнэлэгийн тусламж авагсдын ихэнх нь 10-19 насныхан.
Нөхцөл байдал ийм байхад зохицуулалт хийлгүйгээр өнөөдрийг хүрсэн.
Тэгвэл УИХ-ын хаврын чуулганаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлтийг оруулж, энэ асуудлыг хуулиар цэгцэллээ. Харин ямар өөрчлөлтийг оруулсан талаар тайлбарлая.
НАСНЫ ХЯЗГААР БА ЖОЛООДОХ ЭРХ
Хуульд нэр томъёоны хэсгээс эхлэн, насны хязгаар тогтоож, жолоодох эрхийн өөрчлөлтийг оруулсан байна.
Тухайлбал, зөвхөн 18-аас дээш насны хүн скүүтер, мопед унах эрх нь нээгдэнэ. Ингэж унах технологийн боломжийг үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгж хангах ёстой гэдгийг хуульд дурьджээ. Мөн эцэг эх 18-аас доош насны хүүхдээ скүүтер, мопед, суррон унаж замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх үүргийг хүлээнэ гэдгийг заасан байна.
Хэрэв эцэг эх нь энэ үүргийг биелүүлээгүй буюу 18-аас доош насны хүүхэд скүүтер, мопед, суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон бол эцэг, эхийг нь 200 мянган төгрөгөөр торгоно гэж Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ.
18-аас дээш насны хүн мопед болон түүний төрөлд хамаарах скүүтер унаж замын хөдөлгөөнд оролцохын тулд сургалтад хамрагдаж, А ангиллын үнэмлэхтэй байхыг шаардах зохицуулалтыг баталсан байна. Хэрэв үнэмлэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцож буй бол 200 мянган төгрөгөөр торгох бөгөөд сургалтад суугаагүй хүн унаж байгаа бол замын хөдөлгөөнд оролцох эрхийг нь хориглох юм.
Хэрэв та хувьдаа мопед, түүний төрөлд хамаарах скүүтертэй бол түүнийгээ заавал бүртгүүлнэ гэдгийг анхаарна уу.
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ ЗОХИЦУУЛАЛТ
Та мопед, скүүтер унаж байгаа бол явган хүний гарцаар зөвхөн түрж гарна. Хэрэв тээврийн хэрэгслээ унаж гарвал таныг 50 мянган төгрөгөөр торгоно.
Хуулийн шинэ зохицуулалтад скүүтер, мопед зэргийг Замын хөдөлгөөний тухай хуулиар зохицуулна гэж заасан. Тиймээс хэрэв эдгээр тээврийн хэрэгслийг унаж яваад зөрчил гаргавал Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлнэ. Жишээ нь, хурд хэтрүүлвэл 50 мянгаар торгох гэх мэт.
ТҮРЭЭСИЙН СКҮҮТЕР, МОПЕД
Түрээсийн скүүтер, мопедыг мөн дээр заасанчлан 18-аас дээш настай, сургалтад хамрагдаж, бүртгүүлсэн иргэн унаж ашиглах боломжтой.
Мөн нэг талаас хэрэглэгч, нөгөө талаас аж ахуйн нэгж нь скүүтер, мопедыг дараах газруудад байршуулахгүй. Үүнд:
- - нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбай,
- - нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар,
- - цэцэрлэгт хүрээлэн, авто зогсоол, ногоон байгууламж,
- - нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орчны газрын ногоон зүлэг,
- - хүүхдийн тоглоомын талбай, эдгээртэй адилтгах газарт
Харин энэ төрлийн тээврийн хэрэгслийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч нь иргэдэд аюулгүй байдлын талаарх сурталчилгаа хийх үүрэгтэйг тусгасан байна. Үнэ тарифаа тогтоох эрхийг нь ААН-д үлдээжээ.
Тээврийн хэрэгслийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагад дараах үүргийг мөн ноогдуулжээ. Энэ нь түрээслэгч этгээд бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан бол хохирлыг нөхөн төлөх зорилгоор хариуцлагын даатгалд хамрагдах ёстой гэжээ.
Тэгэхээр иргэн та скүүтер, мопед зэрэгт мөргүүлж ослын хохирогч болсон бол юун түрүүнд тухайн байгууллага хариуцлагын даатгалд хамрагдсан гэдгийг анхаарч хохирлоо нэхэмжлэх, мөн 18-аас доош насны хүн унахгүй байх технологийн зохицуулалтыг түрээслэгч байгууллага хариуцах, тухайн тээврийн хэрэгсэл нь заавал бүртгэгдсэн байгаа зэрэг хуулийн зохицуулалттай гэдгийг санахад илүүдэхгүй.
Хэрэв түрээсийн үйл ажиллагаа эрхлэгч компани нь тээврийн хэрэгслээ бүртгүүлээгүй, зохих газар байршуулаагүй, 18-аас доош насны хүн унах боломжгүй болгох технологийн зохицуулалт хийгээгүй бол тухайн компанийг Зөрчлийн тухай хуулиар шийтгэх зохицуулалт орсон. Жишээ нь, технологийн зохицуулалт хийгээгүй бол 500 мянган төгрөгөөр торгоно гэжээ. Тэгэхээр хүүхэд унах боломжтой эсэхийг шалгаж үзээд, мэдээлэл өгөх ч боломжтой байх нь.